Monday, December 24, 2012

МИНИЙ ЕРТӨНЦ

МИНИЙ ЕРТӨНЦ
Эхийн хэвлийгээс би нүдтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л нүдээрээ би бүхнийг харж явна.
Үзэж харсан бүхэн маань миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би гартай төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л гараараа би бүхнийг хийж явна.
Хийж урласан бүхэн маань миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би хөлтөй төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л хөлөөрөө би газрыг тамгалж явна.
Тамгалсан газар бүр минь миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би ухаантай төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л ухаанаараа би орчлонг таньж явна.
Таньж ухаарсан орчлон минь миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би дуутай төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Энэ л дуугаа би хүмүүст дуулж явна.
Дуунд минь уярсан хорвоо миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би гэрэлтэй төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Өнгө гэрлийг эрсэн хүн бүхэнд би түгээж явна.
Өөрийн минь бүтээсэн өнгөт ертөнц энээ.

Эхийн хэвлийгээс би жинтэй төрсөн
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Өдөр өдрөөр нэмэгдэх жингээрээ би
Өөрийнхөө ертөнцийг цогцлоож явна.

Эхийн хэвлийгээс би эх оронтой төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Эх орноо би зүрхэндээ тээж явдаг.
Элэг зүрхэн дэхь миний эх орон миний ертөнц.

Эхийн хэвлийгээс би юм юмтай төрсөн.
Ижий аавын минь өгсөн өв хөрөнгө энэ.
Ижий аавынхаа өгсөн энэ их өв хөрөнгөө
Элэг зүрхэнд минь орших миний ертөнц
Эх орондоо таньдаа л зориулж явна.
2012 оны 11 дүгээр сар 4.
ШАДИВЛАНГАА НЭГ ХАРМААР Ч ЮМ ШИГ...
Цэцэгсийн дэлбээг нүдээрээ илбэж
Цэнхэр тоосыг нь нүүрэндээ шингээж
Сартай хүүхдийн нулимс шиг ариухан шүүдэрт
Хөлийнхөө хурууг дэвттэл алхаж
Шадивлангийн аманд зунжингаа
Шар нарны хүүхэд болж явлаа.
Моддын дэлбэгэр навчсын шивнээг сонсон
Мойл жимсийг нь амандаа уусгаж
Мяндсан зөөлөн зүлэг ширэг дээгүүр
Хөлийнхөө хурууг чивчиртэл алхаж
Шадивлангийн аманд зунжингаа
Шар нарны хүүхэд болж явлаа.
Зуун модны горхины гялбааг ширтэж
Зуу зуун долгиог нь цээжиндээ тоолж
Зургийн цагаан үүлстэй усны урсгалд
Хөлийнхөө хурууг гижигдүүлэн алхаж
Шадивлангийн аманд зунжингаа
Шар нарны хүүхэд болж явлаа.
Шарлаж хатсан мөчир гишүү түүж
Шартаж цангатлаа хушны самар цөмж
Салаа салаа уулсын нарийхан зөргөөр
Хөлийнхөө хурууг чилтэл алхаж
Шадивлангийн аманд зунжингаа
Шар нарны хүүхэд болж явлаа.
Шадивлангийн аманд зунжингаа гүйхдээ
Шар нартай зунжингаа нөхөрлөхдөө
Цэцгийн цэнхэр тоосоор
Цээжээ дүүргэсэн юм болов уу?

Шадивлангийн аманд зунжингаа гүйхдээ
Шар нартай зунжингаа нөхөрлөхдөө
Зүлэг ширэгний зөөлхөнөөс
Зүрхэндээ хураасан юм болов уу?

Шадивлангийн аманд зунжингаа гүйхдээ
Шар нартай зунжингаа нөхөрлөхдөө
Үүлс нүүсэн горхиноос
Үерлэх их мөрөөдлийг өвлөсөн юм болов уу?

Шадивлангийн аманд зунжингаа гүйхдээ
Шар нартай зунжингаа нөхөрлөхдөө
Нарийн зөрөгт салаа салаа уулсаас
Насныхаа тэнхээг авсан юм болов уу?

Москва голын цаад эрэг хүртэл
Амрахгүй сэлчихмээр ч юм шиг...
Номхон далайн гүнд шумбаад
Лусын ордноор зугаалчихмаар ч юм шиг...

Тэнгэрийн оддын нэгэн дээр
Элэглээд буучихмаар ч юм шиг...
Тэндээсээ тэгээд Шадивлангаа
Эргээд нэг хармаар ч юм шиг...
2012.12.18.

1 comment:

  1. Sain bnuu, "UULEN BOR" oros ardiin ulgeriin nom haaguur zaragdaj bga we, nomiin delguuruudeer haij uzlee oldohgui yum, zowhon CD ni l zaragdaj bna.

    ReplyDelete